Tuesday, February 10, 2015

Бага насны дурсамж №5

Биднийг хүүхэд байхад амттан, чихэр жимс бас л ховор байж дээ. Юм ч ховор байсан байх. Нэг удаа цагаан самар авах гээд дэлгүүр орж билээ. Дүүтэйгээ хамт явсан санагддаг юм. Тэр үед мөнгө чанга байсныг хэлэх үү нилээн олон самар авах мөнгө өгсөн юм шиг байгаа юм. Надад хэдэн төгрөг өгөөд хэдэнч билээ самар гээд л нэг ах маань мөнгө өгдөг юм байгаа биз. Самар авахаар дэлгүүр гүйлээ. Дэлгүүрйин буланд эргэв үү гүй юу хэдэн ах нар байна. Тэдний нэг нь хэлж байна "За энэ чинь яасан их мөнгөтэй хүүхдүүд вэ? Банк дээрэмдсэн үү л гэдэг юм байгаа биз" би ч Үгүй л гэлээ. Нөгөө нөхөр "Тэгвэл тоолно доо гээд мөнгийг маань авчихав" чааваас баахан задгай мөнгө байсан болохоор олон харагдаж дээ. Тэгээд буцаагаад өгчихөв. би ч за ямар ч байсан дээрэмдүүлээгүй гэж бодоод дэлгүүр ороод самар авах гэсэн мөнгө хүрдэггүй. Тэгээд гэр лүүгээ гүйгээд очлоо. Самар авах гэсэн мөнгө хүрдэггүй л гэлээ. Ах хэлж байна би тэдэн төгрөг өгсөн тэдэн самарт хүрнэ гээд л. Хүн амьтантай таарчихав уу гээд л асуулаа надаас. Би 3 ахтай таарсан тэд нар тоолоод банк дээрэмдсэн үү гэхээр нь үгүй гээд л мөнгөө тоолуулсан л гэлээ. Тэгээд бүх юмны учир тайлагдаж 3 нөхөр манийгаа аргалж нүд хариулж байгаад "боловсон дээрэм" хийж надаас мөнгийг маань аваад баахан задгай төгрөг өгсөнийг ойлгож билээ. 
 За энэ бол шаршуур гэдэг жигнэмэг байна. Их л гоё амттай санагддаг байсан даа. Тэр үед бараг баавгайтай чихэрний дараа орох хамгийн амттай зүйлийн нэг байсан байх. Ээж маань бид 2-т их авч өгдөг байсан даа.
Энэ зүйлийг арай сүүлд 10 жилийн сурагч байхдаа иддэг байж билээ. Ээж сургууль дээрээ их завсарлагаанаар юм идэх хэрэгтэй гээд мөнгө өгдөг байсан би ч яахав гөөхийнд дуртай болохоороо 2-г найзтайгаа аваад л идчихдэг байлаа.

Энэ сахараар хийдэг чихэр бас л их гоё амттай зүйлийн нэг байсан. Нэг удаа гэртээ ийм чихэр хийх гэж плитка-н дээрээ жижигхэн сав тавиад сахар хийгээд хайлуулах гээд бөөн хиншүү тавьж ээждээ загнуулж билээ. Уг нь хийх арга нь зөв даан ч утаа май их тавиад гэрээр дүүрэн хиншүү болгосон болохоор уурласан байх. Мөн жоохон хүүхэд байж хамаагүй плитка асааж гэрээ шатаах байсан тул загнуулсан болов ууг гэж бодоод өнгөрч билээ.

За энэ бол биднээс арай дээхнэ үед улаан ус гэж нэрлэгддэг байсан бидний үед 50-н хийжүүлсэн ундаа. Гөөхийтэй маань ч сайхан зохицдог зүйл шүүдээ. Манай нэг ангийн хүүхэд гөөхий аваад 1 ундаа аваад уралдаж идэхэд манай хүн хол илүү түрүүлдэг байсан.

Энэ бол эмээгийн маань хийдэг архи гаргах технологи. Архи ямар ууж үзсэн биш харин энэ доор нь байдаг хоормог гээч зүйл л их сонирхол татдаг байсан. Тогоонд наалдсан хоормогийг долоох дуртай хүүхэд байж. Нээх гоё исгэлэн тэгээд хатчихсан хоормогны өнгөр ч бас л муухан чихэрнээс гоё шүү. Одоо ч амт нь санагдаж хаа нэг арааны шүлс гоождог юм.

Friday, February 6, 2015

Хайр гэж...

Хар багадаа хайрласан бүсгүй минь
Хожмын өдрийн дурьтгал битгий байгаач
Чамд өгсөн сэтгэлээ анхны цас шиг цагаахан гээд
Чамаас олсон бүхнээ өөрт минь ирсэн аз жаргал гээд

Хайрын төлөө үхтлээ тэмцэнэ
Хамаагүй ээ чи надад дурлахгүй байсан ч болно

Нүдэн тойромоосоо нулимсан сувд бүү унагаарай
Нууцхан цохилох зүрхний минь цохилтыг битгий тоолооч
Сэтгэлээсээ чамайг явуулж чадахгүй болохоор
Сар жилүүдийг амьдрал надад гэгээн байдаг

Дурлалын төлөө үхтлээ тэмцэнэ
Дуугүй зөрөөд өнгөрсөн ч чамайг би хайрлах л болно

Хүслийг минь гуниг нөмөрдөггүйн учир
Чамд өгсөн хайр минь балардаггүй юм
Хэзээ нэгэн цагийн босгон дээр
Чамаар хайрлуулах  тэр мөчийг хүлээнэ

Амьдралын төлөө үхтлээ тэмцэнэ
Аадар бороо шиг...


Б.Ганзориг гэдэг хүн бичсэн юм шиг байна.

Thursday, February 5, 2015

Бага насны дурсамж №4

Бидний үед зурагтын олон суваг байсангүй. Хаа нэг хот хүрээ орохоороо очиж үзэхээр л хүүхэлдэйн кино бүтэн өдөржин үздэг байж билээ. Манай гэрт болохоор 2 суваг гардаг байсан санагдаж байна. Бүүр сүүлд кабелийн телевиз гардаг болсон боловуу.
1. Монгол телевиз
2. ОРТ суваг

Хамгийн үзэх дуртай кинонууд гэвэл 
Нохойтой дөрвөн танкчин. Энэ киног би уг нь орос кино гэж боддог байсан тэгсэн Польш болж таарсан даа. Зарим оронд хэт нэг талыг барьсан суртал ухуулга гардаг гээд сүүлд хориглоод байсан байх.
За энэ бол баригдашгүй өшөө авагчид гэдэг кино. 16-17 орчим насны хүүхдүүд цагаантнуудын эсрэг тулалдаад л эд нар шиг болохыг их хүсдэг байж билээ. 
Радио бол мэдээж шугамын радио байдаг байлаа цагаан өнгөтэй. Өглөө хичээлдээ явахаас өмнө өглөө хөтөлбөрийг халь сонсоод гардаг байлаа. Улаанбаатарт 6 цаг гээд эхэлдэг байсан болов уу тэгж санаад байна. Тэгээд төрийн дуулал яваад мэдээ энэ тэр явж байгаад миний сонсдог өглөө хөтөлбөр 7:10 гэж л эхэлдэг байсан байх сайн санахгүй юм.
Намайг дуудаж сэрээсэн 
Гэгээн өглөө сайн байна уу ?
Замын голоор алхалсан ?
Цагдаа ахаа сайн байна уу ? гэх мэтчилэн ...

Бага насны дурсамж №3

Би бол гудамжинд хөлбөмбөг тоглож өссөн хамгийн сүүлийн үеийнхний нэг. Сагсан бөмбөгийн шар хатуу бөмбөгөөр л нүддэг байлаа шүү дээ. Бидний үед компьютер, интернэт, фэйсбүүк, гар утас, хавтгай дэлгэцтэй зурагт аль нь ч байгаагүй ч бид хамгийн жаргалтай үеийнхэн.
энэ тоглоомны нэрийг нь санаддаггүй юм аа. нэг нь 2 гарныхаа алганы завсар нэг зүйлийг хавчуулж байгаад нөгөө хүүхдийнхээ алганд үлдээдэг тэрийг л хэн авчихав гээд л таадаг байсан санагдаж байна.
За энэ бол ойлгомжтой. Дидандах буюу байлдаж тоглох. Байрныхаа хүүхдүүдтэй зуны орой байлдаад л гүйчихнэ шүү дээ.
Энэ цагаан тахиа нь лав байдаг байсан санагдаж байна. Яаж хөдлөөд байгааг нь олох гээд эвдсэн билүү яалаа мартчихаж.
Энэ бол тракторны мөр гаргах арга. Бас л өвөл хичээл тараад ингээд явдаг байлаа....
бидний үеийн гол зэвсэг байж ч магадгүй. Гэхдээ хоорондоо байлдаж байсан эсэхээ санадаггүй юм. Бараг байлдаж байгаагүй байх.
За энэ буу надад хар өнгөтэй нь байсан.
Цагираг түрж гүйх гэдэг тоглоомыг бас л их тоглодог байж дээ.

Манай үеийн охидууд дээс тоглодог байлаа. Байрны гадаа цементэн дээр чиртадна, люксдэнэ. Усаар байлдана, дээрээс гялгар уутанд ус хийж шиддэг байлаа....

Биднийг хүүхэд байхад ийм яриа ярьвал галзуурч л гэж бодох байсан байх.
1. Мань чинь утсаа гэртээ мартчихаж
2. Зам түгжрээд байна
3. Найздаа гэрийн кинотеатр бэлэглэв
4. Кино татаж үзлээ
5. 10 минутын өмнө захиа явуулсан, уншив уу?
Гэхдээ л бидний үеийнхэн хамгийн аз жаргалаар дүүрэн үеийнхэн....

Бага насны дурсамж №2

За миний бие 3-р сургуульд нэгдүгээр ангид орлоо... Цэцэрлэгийн хэдэн найзууд маань хамт орсон. Харин түүнийг 1-р сургуульд оруулсан сураг сүүлд сонссон юм. Ээж аав нь л сайн боловсрол олгох гэж тэгж шийдсэн байх.
Ингээд анх удаа сурагчийн форм өмсөөд ээжтэйгээ хамт сургуульд орлоо. Хичээл дээр үүрэглэнэ, эвшээнэ, багшийн заасан хичээлийг ойлгохгүй байх үе бишгүй их. Манай ээж цэвэр зөв бичүүлэх гэж харин гар татах шахтал үсэг хуулуулдаг байж билээ. Бүр гэрийн даалгавар 2 хуудас ар өвөргүй хуулж ир гэсэн бол харж суулгаж байгаад хийлгэнэ. Буруу бичвэл дахин шинээр бичүүлнэ 2 хуудсаа бичээд дуусах гэж байхдаа муухай биччихвэл бүгдийг нь шинээр бичүүлдэг тийм л хүн байлаа. Одоо ч ээж маань тэр дэвтэрнүүдийг бүгдийг нь хадгалдаг. Хоёр хүүгийнхээ юмнуудыг хаяхгүй гээд л хадгалдаг.
Тооны даалгавар харин хаа очиж гайгүй шүү эхлээд дөрвөлжин, гурвалжин, дугуй дүрс зуруулдаг байсан бол дараа нь тоо үзэж эхэлсэн. Манай ангийн багш харин математикийн багш байсан болохоор харьцангуй гайгүй хичээл нь математик байсан байх.
Анх нэг ангийнхаа найзыг өмөөрч зодоон хийж байв. Нөгөө муудалцсан баньд харин өөрөө зодолдохгүй манай ангийн барилддаг хүүхдэд хэлээд надтай зодолдуулж билээ. Барилддаг хар бор ажилд сайн, бие хаа надаас том хүүхэд яахав намайг нулихгүй яахав. Уруул пэмбийгээд хавдчихсан юм зодуулсан шарандаа уйлаад л ээждээ очино биз. Маргааш нь нөгөө хүүхдийг багш харин аймар зодсон энэнээс хойш муудалцсан, зодолдсон бол хүнд хэлж болохгүй юм байна ойлгосон. Тэр хүүхэдтэй би 4-р анги хүртэлээ сайн найзууд боллоо.
1-р ангийн үсэглэлийн баяраар би Ф үсэг болох гээд аав их гоё алтан шар өнгөтэй тугалган цаасаар үсэг хийж өгч билээ. За тэгээд урлагийн үзлэгт бүх нийтээрээ дуулдаг дуун дээр (хоор дуу гэдэг байхаа) зогсоно. Нэг удаа дуу хөгжмийн багш маань гоцлол дуу дуулуулж билээ. Ямар дуулсанаа би санадаггүй юм. Гэхдээ ангийнхаа нэрийг аваад 00 аваагүй гарсан байх.
Зун бол харин гадаа их тоглоно. Бидний үеийнхэн одооны хүүхдүүд шиг компьютер, гар утас гэж мэдэх биш. Аав ээж 2 маань ихэвчлэн хөдөө аавын дүү, эмээ хоёр луу явуулчихна бид хоёр ч энэнд их дуртай зун болгон явдаг байж билээ. Намар бов бор хоёр нөхөр мах, тараг,сүү, ааруул, өрөмтэй ирнэ дээ. Би хөдөө эмээ дээрээ очих их дуртай байдаг байлаа эмээ маань их сайхан цагаан идээ хийдэг, хоолыг бол бүр амттай хийнэ. Эмээгийнхээ хийдэг хоолыг өөр хаанаас ч амтлаагүй явна даа.
Миний бага анги нэг иймэрхүү хэмнэлтэйгээр явсаар 4-р ангиа төгссөн билээ.

Wednesday, February 4, 2015

Бага насны дурсамж №1

Миний бие ер нь анх удаа блог бичиж үзэх гэж байна. 10 жилд байхад зохион бичлэг, эссэ бичүүлдэг байснаас биш ер нь юм бичиж үзээгүй юм байна шүү. Гэхдээ хүн зорьвол юуг ч хийдэг хойно хичээгээд бичээд үзье гэж шийдсэн маань энэ. Хүн ер нь амьдралынхаа түүхийг эртхэн л бичиж байхгүй бол мартах зүйл зөндөө гардаг шиг байгаа юм. Хүмүүс блог их бичдэг ч үг үсгийн алдаа гэх мэт зүйлүүд байдаг болохоор ихэвчлэн уншдаггүй зав цаг ч миний хувьд бага байдаг болохоор хэрхэн бичих талаар бага зэрэг эвгүй л байна.
Хүүхэд нас маань үнэхээр сайхан байсан, бүх л хүн болдог бол одоо хүүхэд нас руугаа нэг удаа очиж үзэх юмсан гэж боддог байх. Бага нас маань нэгэн аймагт төрж өссөн, 10 жилээ ч тэндээ дүүргэсэн. Олон сайхан найзуудтай тэд маань ч надад сайхан дурсамжыг үлдээсэн.
Аав ээжийгээ бага зэрэг танилцуулъя. Ээж маань багшилдаг олон сайхан шавьтай сургууль, нутаг орондоо хүндлэгдсэн сайхан хүн бий. Аав маань хуучин худалдааны техникумыг төгссөн хүн байдаг. Дүү бид 2-ыг өдий зэрэгт хүргэх гэж халуунд халж, хүйтэнд хөрч байгаа бүхнээ зориулдаг хүмүүс. Өдий том болсон ч араас минь санаагаа чилээсээр л байгаа. Монголчуудын нэг авах зүйл нь бусад орнуудыг бодвол маш гэр бүлсэг хүмүүс санагддаг. Үхэн үхтэлээ үр хүүхэд гэсээр байгаад өнхөрдөг байх. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж одоо ч би эцэг эхийгээ аль болох л зовоохгүй байх юмсан гэж боддог ч чадахгүй юм. Дүү маань харин охинтой болж аав ээж хоёрыг минь баярлуулж байна.

За эргээд бага насныхаа тухай бичлэгээ үргэлжлүүлье.
Хүн ер нь бага насныхаа зүйлийг санах нь маш бага байдаг байх ялангуяа цэцэрлэг ясли-д явж байсан үеэ. Би ч бас бүдэг бадаг л санадаг. Анх ясли-д өмдөндөө авч хаяад багшдаа загнуулж байснаа санадаг өөр санах зүйл огт байдаггүй юм байна. Бидний үеийнхэн 8 настай сургуульд суудаг байлаа одоо ч 5-6 настай хүүхдүүд сургуульд явдаг болжээ. Анх түүнийг 1-р цэцэрлэгт 7 настай шилжиж очихдоо харж байсан юм байна. Түүнийг гэдгийг маань ойлгож байгаа байх мэдээж Туяанаа...
Анх шилжиж очиход их л хөдөлгөөнтэй 2 охин байдаг байлаа. Тэр 2 миний футволкийг урсан санагддаг юм. Магадгүй би ноцолдсон байх л даа. Нэг нь одоо надтай олон жил найзлаж байгаа миний хамаатан шахуу нэгэн охин, нөгөөх нь Туяанаа. Тэр 2 их найз байсан байх аа миний санахад тэгж л санагддаг юм. Цэцэрлэгт түүнийг анх хараад хүүхэд цагийн шохоорхолоор эхэлсэн юм. Аав нь манай аавтай наймаанд явдаг байсан санагддаг. Аав маань урдаас (Эрээн) ирэхдээ нээх гоё гоё амттан авчирч өгдөгсөн. Тухайн үед юм ховор байсныг хэлэх үү том шкаф дүүрэн вафли авчирч хураана. Дүү бид 2 ил хэлж нэг иднэ, далд нэг иднэ. Нэг удаа дональд нугастай наалддаг зурагтай бохь олон хайрцагыг авчирсан санагдаж байна. Би дүүгээсээ хамаагүй хөдөлгөөнтэй болох болохгүй юм санаачилдаг хүүхэд байж. Тэр олон бохьноос авч хивсэн доор нууж загнуулж байж билээ. Туяанаагийн аавыг их цөөхөн харсан санагддаг. Эрээн явдаг байхдаа тийм нэг ногоон элэвч (уймраа ногоон гэдэг байсан) өмссөн нүдний шилтэй ах Туяанааг хөтлөөд гудамжинд надтай таарч билээ. Анх түүнийхээ аавыг тэгж л харж байлаа. Ингээд бид цэцэрлэгээ төгслөө одооны хүүхдүүд шиг хонхны баяр хийх биш шууд төгсөөд л ирэх намар нь сургуульд сурдаг байсан даа...

Миний тухай



Миний бие 20-р зуунд мэндэлсэн 20-р зуун 21-р зууныг үзсэн азтай энэ үеийнхний л нэгэн... Би энэ зурган дээрх 2 нөхөр шиг нэг дүүтэй айлын том хүү. Аав ээжийгээ баярлуулж айлын ууган хүү болсон миний биеийг уншигч та бүхэн НОЁН ПАНДА гээд л дуудахад болно. Ингээд л бусад хүүхдүүдийн адил 10 жилийг төгсөж их дээд сургуульд сурч ажил амьдралд хөл тавьсан бусад залуусын адил ажиллаж амьдарч байгаа жирийн л нэг ажилтан хүн...
Дүү бид хоёрыг бусдаас илүү биш юм гэхэд дутуу зүйлгүй, эрүүл энх өсгөсөн ээж аав 2 тоо үнэхээр их баярлаж хүндэлж явдаг ч байнга БАЯРЛАЛАА гэдэг энэ үгийг хэлээд байж чаддаггүй, очиж уулзах зав зай ч хомс. Гэхдээ ээж аавынхаа нэрийг хугалахгүйг хичээж явдаг болохоор дүү бид 2 сайхан л амьдарч байна... За ингээд блог бичих болсон шалтгаанаа товч дурьдвал би нэгэн бүсгүйд маш их хайртай байлаа одоо ч гэсэн хайртай. Түүнийг минь энэ блогийн нэрээр дууддаг гэхдээ нэг А байхгүй. Түүнийхээ нэрээр нэрлэж өөрийн бяцхан түүхээ бичихээр шийдсэн маань энэ.